Сэтгэл уярам шинэ жилийн тухай Японы алдартай түүх

Арван хоёр сарын гучин нэгэн буюу Японы уламжлалаар цагаан сарын битүүний өдрийн энэ түүхийг өчигдөрхөн олж уншаад, зөндөө уйлсан хэхэ
Их алдартай бололтой энэ түүхийг бусдад ч бас хүргэмээр санагдаад, орчуулж үзлээ. (нэлээн урт, бас алдсан зүйл зөндөө бий байх)

Нэг аяга Какэ-Соба
Энэ түүх одоогоос гучин таван жилийн өмнөх арван хоёр сарын гучин нэгний өдөр Японы Саппоро хотод байх Хоккайтэй соба гоймонгийн газраас эхлэлтэй юм. Соба гоймонгийн газрын хувьд хамгийн их зочидтой үе бол Битүүний өдөр(Япончууд урт наслахыг бэлгэдэж, битүүн буюу гучин нэгний өдөр соба гоймон иддэг) байх ба Хоккайтэй ч бас энэ өдөр өглөөнөөс орой хүртэл бөгс эргэх зайгүй байлаа. Ердийн үед шөнө дунд өнгөртөл хөл хөдөлгөөнтэй байдаг өргөн чөлөө битүүнд үдшийн бүрий болохтой зэрэгцэн хөл татарч, улсууд гэрээдээ харицгаана.
Арван цаг өнгөрмөгц Хоккайтэйд ч бас зочид сийрэгхэн болж, удалгүй хүн орж ирэх нь зогслоо.
Байнгын зочиддоо эзэгтэй хэмээн дуудуулдаг эхнэр, хүн нь сайн боловч нүүрэн дээрээ хатуу эзнийг орлож, цагийн ажилчиддаа завгүй өдрийн талархал хэмээн томоо ууттай Соба гоймон, цагаан сарын бэлэг өгч, гэр гэрт нь хариулав.
Сүүлийн зочныг үдэж өгөөд, ингэсгээд үүдний даавуун хаалтаа буулгах уу даа хэмээн ярилцаж байтал, хаалга хүч муутайхан нээгдэж, 2хүүхэд дагуулсан залуу бүсгүй орж ирлээ.
Зургаа болон арав орчим насны жаалууд нь ижилхэн цоо шинэ тамирын хувцастай ба харин бүсгүй улиралдаа зохицоогүй, судалтай богино хүрэм өмссөн байв.
-Тавтай морилно уу хэмээн угтсан эзэгтэйгээс
– Нөгөө… какэ-соба(хамгийн хямд соба гоймон) нэг аягыг.. авч болох уу? хэмээн бүсгүй зориг муутайхан асуув. Ард нь зогсох хөвгүүд нь зовнисон царайгаар харцгаана. Эзэгтэй,
– Аа.. аан бололгүй яахав. Ийшээ сууна уу хэмээн хаалттай ойрхон хоёрдугаарын ширээ тийш замчлангаа лангуу руу хандан
– Нэг какэ! хэмээн хэллээ.
Түүнийг сонссон эзэн өнөөх гуравлуу хяламхийн харангаа
-Айёоо! нэг какэ! хэмээн хариулаад, бөөрөнхийлсөн гоймонгоос нэгийг тогоондоо хийж, бас нэг хагасыг ардаас нь нэмэв. Нэг бөөрөнхий гоймон нэг хүний порц байдаг. Эзэн, бүсгүй болон эхнэртээ мэдэгдэлгүй ахиу порцоор гоймонгоо чанаж гаргалаа. Ширээнд ирсэн нэг аяга гоймонгоо тойрон, толгой нийлүүлэн идэх гурвын яриа гал тогоонд бүдэг бадаг сонсогдоно.
-Амттай байна шүү гэх том хүү,
-Ээж ч бас ид л дээ гээд нэг ширхэг гоймон ээжийнхээ аманд барих бага хүү.
Эцэст нь идэж дуусаад, зуун тавин иений үнэ төлж,
-Сайхан хооллолоо хэмээн толгой мэхийн гарах ээж хүү гурвын ардаас
-Маш их баярлалаа. Сайхан жил байх болтугай хэмээн хоолой нийлүүлэн хэлэх эзэн эзэгтэй хоёр.
Шинэ оноо угтсан Хоккайтэй урьд урьдынхтай л адил завгүй өдрүүдийн дунд нэг жилийг үдэж, дахиад л арван хоёр сарын гучин нэгний өдөр ирлээ. Урд жилийнхтэй л ижил толгой өндийх завгүй нэг өдөр дуусч, арван цаг өнгөрч байв. Хаалгаа барьюу гэж байтал үүд зөөлөн нээгдэж, хоёр жаал дагуулсан залуу эмэгтэй орж ирлээ. Эзэгтэй бүсгүйн өмссөн богино хүрмийг хараад, жилийн өмнөх, битүүний өдрийн сүүлийн зочдыг саналаа.
-Нөгөө.. какэ-соба нэг аягыг.. авч болох уу?
-Тэгэлгүй яахав, орогтун
Эзэгтэй өнгөрсөн жилийнхтэй адил хоёрдугаарын ширээнд суулгангаа
-Какэ нэг аягыг хэмээн чангаар хэллээ.
-Айёоо! Нэг какэ! гэж эзэн хариулангаа дөнгөж унтраасан зуухаа асаалаа.
-Хөгшөөн, урамшуулал гээд гурван хүнийхийг өгчихвөл яасан юм бэ хэмээн сэмхэн шивнэхэд,
-Болохгүй ээ болохгүй, тэгж гэм өөрсдөд нь эвгүй санагдана шүү дээ гэнгээ бөөрөнхий Соба нэг хагасыг тогоондоо хийх нөхрөө хараад эзэгтэй инээмсэглэж,
-Та минь наанаа хүрэл бурхан шиг тоомжиргүй царай гаргадаг ч цаанаа зөөлөн юм даа гэхэд нөхөр урьдынхаараа үг дуугүй хоолоо аягална.
Ширээн дээрх аяга гоймонгоо тойрон суусан ээж хүү гурвын яриа гал тогоонд байх хоёрт ч бас сонсогдоно.
-Амттай байна шүү!
-Энэ жил ч бас Хоккайтэйгийн Соба идэж чадлаа, тийм ээ
-Дараа жил ч бас идвэл сайхан аа.
Идэж дуусаад, зуун тавин иен төлөн гарах тэдний араас,
-Баярлалаа. Сайн жил байх болтугай хэмээн хэдэн арван удаа давтагдсан өнөөх л үгсээр үдэж өглөө.
Өндөр ашиг орлого дунд угтсан дараа жилийн битүүний өдрийн орой, Хоккайтэйгийн эзэн эзэгтэй хоёр бие биедээ ам нээж хэлэхгүй ч есөн цаг хагас өнгөрөхийн үес битүүхэн харуулдаж эхлэлээ. Арван цаг өнгөрөхөд ажилчдаа буулгасан эзэн, хананд хадаастай үнийн цаасан цэсийг нэг нэгээр нь эргүүлж, шинээр бичнэ. Энэ жилийн зун үнэ нь нэмэгдэж “Какэ-соба хоёр зуун иен” гэж бичигдсэн самбар “зуун тавин иен” болон өөрчлөгдсөн байлаа.
Хоёрдугаарын ширээн дээр бүр гучин минутын өмнөөс “Захиалгатай” гэсэн самбар эзэгтэйн гараар тавигдсан байсан юм.
Арван цаг хагас болж, гоймонгийн газар зочдын хөл татрахыг хүлээж байсан мэт ээж хүү гурав орж ирлээ.
Ах нь дунд сургуулийн дүрэмт хувцас, дүү нь өнгөрсөн жил ахынхаа өмсөж байсан томдсон куртик өмссөн байв. Хөвгүүд танигдахааргүй болтлоо том болцгоосон боловч, ээж нь өнгө нь гандсан өнөөх богино хүрэмтэйгээ л байлаа.
-Тавтай морил хэмээн инээмсэглэн угтах эзэгтэйд ээж нь зориггүйхэн,
-Нөгөө.. какэ-соба.. хоёр аягыг авч болох уу..
-Аа.. тэгэлгүй яахав. Ор ор ийшээ суу хэмээн хоёрдугаарын ширээ тийш эргэж, ширээн дээр тавиастай байсан “Захиалгатай” гэсэн самбарыг сэмхэн нуучихав. Тэгээд гал тогоо тийш
-Какэ хоёрыг хэмээн хэлэхүй эзэн тосон авч,
-Айёоо! Хоёр какэ хэмээн хариулаад, бөөрөнхий гоймон гурвыг авч тогоондоо хийлээ.
Хоёр аяга гоймон хуваан идэх ээж хүү гурвын хөгжөөн хөөртэй яриа сонсогдож, үе үе инээх нь дуулдана. Гал тогоонд санамсаргүй харц тулгаран, инээмсэглэх эзэгтэй болон хүрэл бурхны дүрт хэвээр Мм, мм хэмээн толгой дохих эзэн хоёр зогсоно.
-Миний хоёр хүү… Өнөөдөр ээж нь та хоёртоо баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
-Баярлалаа гэж.. юунд вэ, ээж ээ?
-Үнэндээ бол нас барсан аавынх нь ослоос болж, найман хүн бэртэж гэмтэн… түүний төлбөрт даатгалаас төлж хүрээгүй мөнгийг барагдуулах гэж сар бүр тавин мянган иен төлж байсан юм.
-Ммхн, мэдэж байсаан ээж ээ.
Эзэгтэй эзэн хоёр огт хөдлөлгүй анхааралтай сонсоно.
-Тэгээд дараа жилийн гурван сар хүртэл төлөх байсан боловч, өнөөдөр бүгдийг нь төлөөд дуусгачихлаа.
-Хөөх! нээрээ юу? Ээж ээ!
-Аанхаа, нээрээ миний хүү.
Ах нь сонин хүргэх ажил хийж, Жүн ч гэсэн дэлгүүр явж, орой бүр хоолны бэлтгэл хийж, ээждээ тусладаг байсны ачаар, ээж нь санаа амар ажлаа хийдэг байсан юм шүү дээ. Сайн хичээж ажилласан гээд ээжийнх нь ажлаас нэмэгдэл цалин өгч, түүгээр өрөө төлж дууссан юм байхгүй юу.
-Ээж, Ах! ямар гоё юм бэ! Гэхдээ цаашдаа ч гэсэн би оройн хоол бэлдэж байнаа.
-Би ч гэсэн сонин хүргэхээ үргэлжлүүлнээ. Жүн хоёулаа хичээнэ шүү!
-Баярлалаа, миний хүүхдүүд маш их баярлалаа.
-Одоо бол хэлж болох байхаа гэж бодож байна. Ээж ээ, үнэндээ Жүн бид хоёрт таниас нуусан зүйл байгаа. Юу гэхээр.. Арван нэгэн сарын ням гаригт, Жүнгийн нээлттэй хичээлийн хөтөлбөр сургуулиас ирсэн шүү дээ. Тэгэхэд үнэндээ Жүн багшаасаа дахиад нэг захиатай ирсэн гэсэн.
Жүнгийн бичсэн зохион бичлэг Нийт Улс даяарх зохион бичлэгийн тэмцээнд Хоккайдог төлөөлж оролцохоор сонгогдож, нээлттэй хичээлийн өдөрт тэр зохион бичлэгийг уншиж үзүүлэхээр болсон гэсэн байсан юм. Багшийн тэр захиаг ээжид үзүүлбэл.. ээж ажлаа таслаад ч хамаагүй очно гэдгийг тань мэдэж байсан болохоор… Жүн таниас нуучихсан гэсэн. Түүнийг нь би Жүнгийн найзаас сонсоод….нээлттэй хичээлд нь очсон юм.
-Тийм үү, тэгээд…
-Багш нь: Том болоод ямар хүн болох вэ гэдэг сэдвээр бүх хүүхдүүдээр зохион бичлэг бичүүлэхэд Жүн Нэг аяга какэ-соба гэдэг нэртэй зохион бичлэг бичсэн. Одоо тэр зохион бичлэгээ уншиж өгнөө гэж хэлсэн.
Нэг аяга какэ-соба гэдэг гарчгийг нь сонсоод л Хоккайтэйг хэлж байна гэж мэдсэн болохоор ..Жүн мангар! тийм ичмээр юм бичиж байх гэж! хэмээн дотроо бодсон.
Зохион бичлэг нь… Аав зам тээврийн ослоос болж нас бараад, бас зөндөө их өр төлбөр үлдсэн болон ээж өглөө эртээс орой үдэш хүртэл ажилладаг тухай, намайг үүрээр бас оройны сонин тараалтанд явж байгаа зэрэг бүгдийг бичсэн байсан. Бас арван хоёр сарын гучин нэгний шөнө гурвуулаа идсэн нэг аяга какэ-соба маш амттай байсан тухай, гурвуулаа байж ганцхан аяга захиалсан байхад, гоймонгийн газрын өвөө эмээ хоёр
-Маш их баярлалаа, сайн жил угтаарай гэж чанга дуугаар үдэж өгсөн тухай.
Тэдний тэр хоолой, “Бууж өгч болохгүй шүү! Хичээгээрэй! Амьдрана шүү! “ гэж хэлж байх шиг санагдсан тухай.
Тэгээд Жүн том болоод, үйлчлүүлэгч, зочиддоо “Хичээгээрэй”, “Аз жаргалтай байгаарай” гэх бодлоо шингээн, “Баярлалаа” гэж хэлдэг Японы хамгийн шилдэг Соба гоймонгийн газрын эзэн болмоор байна гэж чанга дуугаар уншиж өгсөн юм.
Гал тогоонд зогсоод, чих тавьж байх учиртай эзэн эзэгтэй хоёрын бараа харагдсангүй. Лангууныхаа доор явган суусан хоёр, нэг алчуурын хоёр булангаас булаалдах мэт атгаад, зогсолтгүй урсан гарах нулимсаа арчин байлаа.
-Зохион бичлэг уншиж дууссаны дараа багш Жүнгийн ах, ээжийнх нь оронд ирсэн байгаа учраас үг хэлүүлье ээ гээд..
-Хөөх, тэгээд Ах нь юу гэж хэлсэн бэ?
-Гэнэт хэлсэн болохоор эхлээд үг гарахгүй байсан ч,
…Бүгдээрэнд нь үргэлж Жүнтэй дотно байдагт баярлалаа.
… Дүү минь орой бүр оройн хоолны бэлтгэл хийдэг. Тийм болохоор дугуйлан, бэлтгэл дундаасаа харих болдог учир бүгдэд нь төвөг уддаг байх гэж бодож байна.
Сая дүү минь Нэг аяга какэ-соба гээд уншиж эхлэх үед, …би ичмээр юм гэж бодсон.
… Гэхдээ, ичиж эмээлгүй чанга дуугаар уншиж байгаа дүүгээ харж байхдаа, Нэг аяга собаг ичмээр гэж бодож байгаа миний зүрх өөрөө ичмээр юм байна гэж бодогдсон.
Тэр үед… нэг аяга гоймон авах гэж асууж чадсан ээжийнхээ зоригийг мартаж болохгүй гэж бодлоо.
… ах дүү хоёр хүчээ нийлүүлэн, ээжийгээ хамгаалж явах болноо.
… үүнээс хойш ч Жүнтэй дотно байж, найз нөхөд байгаарай гэж хэлсээн.
Чимээгүйхэн гараа атгалцаж, инээд хөврүүлэн мөр мөрөө цохилцож, ноднин жилийнхээс тэс өөр хөгжилтэй гэгч нь битүүний соба гоймонгоо идэж дуусаад, гурван зуун иенээ төлөн,
-Сайхан хооллолоо хэмээн доор гэгч нь толгой бөхийн гарч явах ээж хүү гурвыг, эзэн эзэгтэй хоёр тэр жилийн сүүлчийг хаах мэт их дуугаар,
-Маш их баярлалаа, Сайн жил угтах болтугай хэмээн үдэж өглөө.
Дахин нэг жил өнгөрч…
Хоккайтэйд оройн есөн цаг өнгөрснөөс хойш “Захиалгатай” гэсэн самбар хоёрдугаарын ширээнд тавин хүлээсэн боловч, нөгөөх ээж хүү гурав орж ирсэнгүй.
Дараа жил нь, мөн түүний дараагийн жил ч хоёрдугаар ширээг сул байлгаж хүлээсэн ч тэр гурав үзэгдсэнгүй. Хоккайтэй ашиг орлого ихтэй байж, хоолны газраа шинэчлэн, ширээ сандал бүгдийг нь сольсон боловч, өнөө хоёрдугаар ширээг л тэр хэвээр нь үлдээв. Шив шинэхэн ширээ сандал дунд ганц хуучин ширээ голд нь байх ба “Яагаад энд энэ ширээ?” хэмээн гайхах зочдод эзэн эзэгтэй хоёр “Нэг аяга соба-ийн” түүхийг ярьж, энэ ширээг харж урам зориг авдаг тухайгаа, мөн хэзээ нэг өдөр тэрхүү гурван зочин ирвэл энэ ширээнд суулган угтаж авмаар байгаа тухайгаа хэлж, учирладаг билээ.
Тэрхүү түүх яриа нь “Азжаргалын ширээ” гэсэн нэрээр зочдоос зочдод дамжин тархав.
Хэрэг болгон холоос ирж, гоймон идээд явах сурагч охидууд болон тэр ширээг сулрахыг хүлээн захиалгаа хойшлуулах залуу хос ч байх ба хүмүүст нэр хүндтэй болж байлаа.
Түүнээс хойш сар жилүүд улиран одож, хэдэн жил өнгөрсний дараах арванхоёр сарын гучин нэгний шөнө билээ. Хот дотор адилхан худалдаа, үйлчилгээ эрхэлдэг газруудын танил, найз нөхөд нь тус тусын дэлгүүр хоршоогоо хаагаад, Хоккайтэйд гэр бүлээрээ цуглан байлаа. Битүүний шөнийн Собагаа идсэний дараа, шинэ он гарсныг мэдэгдэн цохилох сүмийн хонхны дууг сонсонгоо гэр бүл найз нөхдөөрөө нийлэн, оны анхны мөргөл хийхээр явцгаадаг нь тав, зургаан жилийн өмнөөс тогтсон уламжлал юм. Энэ шөнө ч мөн есөн цаг өнгөрөөгөөд загасны дэлгүүрийн эхнэр нөхөр хоёр, сашими(түүхий загас) өрсөн том таваг хоёр гартаа барьсаар орж ирсэн нь дохио болсон мэт үргэлж ирдэг гучаад хүн архи, амттан барьсаар цуглаж эхэллээ.
“Аз жаргалын хоёрдугаар ширээ”-ний түүхийг мэддэг найз нөхөд нь өөр хоорондоо ярилцан хэлэхгүй боловч, лавтай энэ жил ч мөн тэрхүү ширээ сул хэвээр шинэ оныг угтах болов уу хэмээн сэмхэн “Битүүний арван цаг өнгөрөөд захиалгатай ширээ” хэвээр нь хадгалж, давчуу боловч үл ялиг өргөгдсөн суудалд хүн бүр бяцхан зайчлан, сүүлдэж ирсэн нөхдөө урин суулгаж байлаа.
Далайд болсон хачин сонин явдал, ач зээ хүүтэй болсон тухайгаа, энэ жил их ашиг орлоготой байсан тухай гээд л яриа хөөрөө ар араасаа хөвөрч, хөөр хөгжөөн дэврэн байх үед буюу арван цагийн орчим үүдний хаалга зөөлхөн нээгдлээ.
Хэд хэдэн хүн үүдрүү харж, бүгд чимээгээ аядав. Хоккайтэйгийн эзэн эзэгтэй хоёроос өөр хэн ч уулзаж үзээгүй өнөөх “Азжаргалын хоёрдугаар ширээний” түүхэнд гардаг гандсан хүрэмтэй залуу ээж болон хоёр хөвгүүнийг бүгд төсөөлж байсан ч, орж ирсэн хүмүүс нь хослол өмсөж, гартаа хүрэм тохсон хоёр залуу байлаа. Даран залгисан амьсгалаа гаргаж, хөгжилтэй уур амьсгал эргэн ирлээ. Эзэгтэй уучлал хүссэн царайгаар,
-Уучлаарай, дүүрэн суудалтай байгаа тул.. хэмээн хэлэх гэж байх тэр мөчид, үндэсний хувцас өмссөн эмэгтэй доор гэгч толгой бөхийн орж ирээд, хоёр залуугийн хойно зогсов.
Гоймонгийн газарт байсан бүх хүн амьсгаа даран, чих тавилаа.
-Нөгөө… какэ-соба… гурван аягыг.. авч болохсон болов уу?
Тэр хоолойг сонсоод эзэгтэйн царай хувирав.
Арван хэдэн жилийн сар улирлууд нэгэн мөчид хийсэн арилж, тэр л өдрийн залуу бүсгүй, балчир хөвгүүдийн дүр зураг одоо нүдний өмнө зогсож буй гурван хүнтэй давхцав.
Лангууныхаа ардаас нүдээ бүлтийлгэн, ширтэн зогсоо нөхрөө болон сая орж ирсэн гурван зочдоо занган,
-Энэ чинь, энэ чинь.. хөгшөөн хэмээн уймран зогсоо эзэгтэйд орж ирсэн нэг залуу нь хэллээ.
-Бид бол, арван дөрвөн жилийн өмнөх битүүний шөнө, ээж хүү гурвуулаа нэг аяга какэ-соба захиалж байсан улсууд байнаа. Тэр үед, тэр ганцхан аяга собанаас итгэл найдвар авч, ээж хүү бид гурав гар гараа атгалцан, амьд үлдэж чадсан юм. Дараахан нь ээжийнхээ төрхөм Шига аймаг руу нүүсэн.
Би энэ жил эмч болох улсын шалгалтанд тэнцэж, Киотогийн их сургуулийн эмнэлэгт, нярайн эмч болохоор дадлага хийж байгаад, ирэх оны 4сараас Саппоро хотын нэгдсэн эмнэлэгт ажиллахаар болсон юм. Тэгээд тэрхүү эмнэлэгт ирж уулзахын зэрэгцээ аавынхаа шарилыг эргэж, бас Соба гоймонгийн газрын эзэн болоогүй ч Киотогийн банкинд ажиллаж буй дүүтэйгээ зөвлөөд, өдийг хүртэлх амьдралынхаа хамгийн тансаг аялалыг төлөвлөсөн юм.
Энэ бол битүүний өдөр ээжтэйгээ гурвуулаа Саппорогийн Хоккайтэйд очиж, гурван аяга какэ-соба захиалах тансаглал байсан юм.
Толгой дохин сонсох эзэн, эзэгтэйн нүднээс ар араасаа нулимс бөмбөрөн байлаа. Үүдэнд ойрхон ширээнд сууж байсан ногооны газрын эзэн гоймон амандаа зуусан чигээрээ сонсож байснаа, тэр чигээрээ гоймонгоо сорон залгичихаад, босч
-Хүүе эзэгтэй минь юу хийгээд байна вэ!
Арван жилийн турш энэ өдрийн л төлөө бэлдэж хүлээсэн “Битүүний арван цаг өнгөрөөд захиалгатай ширээ” биш үү! Суулгаач, суулгагтун!
Ногооны газрын эзэн мөрийг нь алгадахад л сая сэхээ авсан эзэгтэй:
-Тийм шүү дээ, Тавтай морилогтун. За дээшээ дээшээ. Хөгшөөн хоёрдугаар ширээнд гурван какэ!
Хүрэл бурхан царай нь нулимсанд будагдчихсан эзэн,
-Айёоо, гурван какэ! гэж хариуллаа.
Угтан шуугих чимээ болон алга ташилт хадах гоймонгийн газрын гадна саяхан хаялан байсан цасан зогсч, шинэхэн цасыг анивчин гялбалзах цонхны гэгээ гэрэлтүүлэн байлаа.

Орчуулсан
2018.1.2 Г.Золзаяа

Түүний фэйсбүүк хаягаас авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *