Жаран цагаан хонь номын тэмдэглэл

Сайн уу нүүр номын найзууд минь💛 Амралтын өдөр тавлаг, хоол унд элбэг дэлбэг үү хэхэ💛. Ойрд тэмдэглэл оруулсангүй. Одоо ид эрэлттэй байгаа номноос дутаж чадсангүй ээ. Тэмдэглэлийг минь уншаарай😁

ЖАРАН ЦАГААН ХОНЬ

Японд би хүссэн номоо ойролцоогоор хорин таван мянган тѳгрѳгѳѳс хорин долоон мянга тѳгрѳгѳѳр худалдаж авдаг. Энэ мѳнгийг нэг цаг хагас ажиллахад бүрэн олох боломжтой. Харин монголд цагийн ажлын доод хѳлс нь таван зуун тѳгрѳг тул (2015 оны байдлаар) энэ номыг авахын тулд уншигч тавин зургаан цаг буюу тасралтгүй гурван ѳдѳр, хоёр шѳнѳ ажиллах хэрэгцээ гарч байна. Тэгвэл энэ ном үнээ дагасан сэтгэл ханамжийг уншигч олондоо хүргэх болов уу?
Энэ жилийн хамгийн анхны номоор баахан цагаан хоньтой номыг сонгочхоод уншилгүй гэртээ хэд хоног унтуулав. Хажуугаар нь ѳнгѳрѳх тоолондоо том далбагараас нь сүрдэж гартаа жинлэн үзэж байв. Үүний ѳмнѳ Орхан Памукийн “Цас” романыг (514хуудастай) нилээд хугацаа шаардаж уншсанаа ѳѳрийн эрхгүй эргэн дурсана. Улс тѳрийн агуулгатай, шашин болоод итгэл үнэмшлийн далд ѳгүүлэмжтэй хоёр номыг ийн дарааллан уншсандаа ѳѳртѳѳ ч итгэсэнгүй. Би чинь улсын их хурал зурагтаар жирэлзээд ирэхээр л сувгаа гялс сольдог нэг тиймэрхүү сонирхолгүй, “уйтгартай” байрын эмэгтэй л дээ. Хар хэрүүлээр юукэв, тѳвѳг зүгээр гэж боддог юм.
Тэгсэн энэ Жаран цагаан хонь улс тѳр, түүхийн номд дурладаггүй намайг 1946-1951 онуудын түүхэн хуудас руу тѳвѳггүйхэн хѳтлѳѳд алга боллоо. Гурав, дѳрвѳн сар барьж тавьж уншсан Цас романыг бодвол гулсаад сайхан “орж” байна ѳѳ. Дэлгэцээр кино үзэх мэт ѳнгѳ дүрс тод, үгийн сонголт орчин үеийн залуусын хэрэглээг дагасан орчин үежсэн, бэлчээрийн үгс арвинтай, гол баатрууд ѳѳрийн гэсэн андуурамгүй зан араншинтай байх нь магтууштай. Ѳрѳвч зѳѳлѳн Сэндмаагийн зан ааль яг малчин бүсгүйг тѳсѳѳлѳх тѳсѳѳлѳлтэй минь нийцнэ. Чулуунжийгийн хурц, хэлэмгий, хүссэнээ гартаа оруулж байж салдаг зан нь бас л ѳѳрийн ѳвѳрмѳц онцлогтой. Үгүй, би ер нь Чулуужийг бүтээсэнд-зохиолд оршоосонд нь баяр хүргэмээр байна. Гол баатруудаа тодотгож, товойлгож чаддаг, эцэстээ ѳѳрийгѳѳ сайнаар үнэлүүлж дуусдаг эсрэг талын туслахууд хэр олон билээ?

Зохиол миний нүднээ нэг том сэдвийг хѳндѳж түүнээ олон жижиг хэсэг болгон задалсан. Ѳѳрѳѳр хэлбэл, Маршал Чойбалсангийн удирдан явуулсан Анхдугаар таван жилийн тѳлѳвлѳгѳѳн доор малчид хэрхэн үгүйрэн хоосорсныг, идэх идэшгүй болсон айл ѳрх аргаа барахдаа хүүхдээ айлд үрчлүүлж амьдын хагацал эдэлдэг ѳр ѳвтгѳмѳѳр түүхийг, эх орныхоо тусгаар тогтнолын тѳлѳѳ эцэг эх, элгэн саднаасаа ч хайр найргүй ундны махыг албан татварт авдаг үнэнч залуусын тухай ѳгүүлнэ. Нэг дүгээр биеэс бичээгүй болохоор олон хүний дотоод сэтгэлзүйг таамаглах, амтлах боломжтой болжээ.
Энэ номыг уншсан хэсэгхэн хугацаанд хоолой давах хоол бүхэн маань ер бусын амттай болчих шиг. Ялангуяа мах, сүү хоёр хэхэ. Тухай үед сүү, мах, ноосны татвар, ангийн татвар гээд үй олон татварыг малчдаасаа хураагаад хойд хѳршид тушаадаг. Хойд хѳршѳѳс бараа авч монгол иргэддээ ѳндѳр үнээр зардаг байсан гээд малчдаа ёстой л цѳлмѳж бйжээ. Үгүйрэн хоосорсон малчид ѳвс идэж, сүүгүй цай уудаг үе дѳнгѳж дѳчѳѳд он шүү дээ.

Нѳгѳѳтэйгүүр, энэ бүхнийг удирдан чиглүүлсэн хүний дотоод дуу хоолойг ч зохиолоос уншиж болох юм.
Ямартай ч үнэ тѳлж уншсан номондоо миний бие сэтгэл хангалуун байлаа. Хоолой зангирсан, гараа атгасан, амаа дарсан хэсгүүдтэй учирч байлаа. Бүхий л зүйл хоёр талтай. Монголчууд маань гар таталгүй шимтэн уншиж, хоёр дахь хэвлэлтийг нь асууж сураглаж байгаад дотроо баярлана. Бид унших хэрэгтэй. Олон олон зохиолтой учирч ѳѳрийн дүгнэлтээ буулган мэдэрснээ, мэдэж авснаа бусдадаа хуваалцах хэрэгтэй, эрхтэй.

Энээгийн тэмдэглэлээс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *